Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 7-р сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ
ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 20.6-24.8 градус, өндөр уулын сумдын нутгаар 15.3-20.8 градус дулаан байсан нь 2023 оны мөн үеэс 2.0 градус дулаан байжээ. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 30-34 градус, өндөр уулын сумдаар 22-30 градус дулаан, агаарын хамгийн бага температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө 10-14 градус дулаан, өндөр уулын сумдаар 4-10 градус дулаан байжээ. Өндөр уулын сумдаас бусад сумдын нутгаар агаартаа +30 градусыг давж 1-6 өдөр хэт халалт ажиглагдсан.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 22-33 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 50-62 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 2-12 градус дулаан байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 7-9 өдөр ажиглагдсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт нутгаар 0.7-15.4 мм, нийт 78.1 мм тунадас орсон. Хамгийн их тунадас Эрдэнэбүрэн суманд 15.4 мм, Алтай суманд 12.7 мм тунадас орсон бол Дөргөн, Дарви сумдад хамгийн бага 0.7-0.8 мм тунадас оржээ.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт салхи шуурга багатай байлаа. Түр зуурын борооны өмнө салхины хурд ширүүсч салхины их хурд Манхан суманд 20 м/с, Мянгад, Дуут, Алтай, Үенч, Дөргөн, Жаргалант, Эрдэнэбүрэн сумдын нутгаар 6-12м/с хүрч зөөлөн явган шуургатай, бусад сумдын нутгаар салхины хурд 16-18 м/с хүрч хүчтэй шороон шуургатай байлаа.
Ургамал(Plant):Нийт сумдын нутгаар: Ургамлын дундаж өндөр 3-8 см, ургамлын ургалтын байдал нийт нутгийн 20 орчим хувь буюу Дарви, Дөргөн, Дуут сумдад хэвийн, 80 гаруй хувь нь дунд гэсэн үнэлгээтэй байна. Хур тунадас бага орсон, халуун хуурай салхи, агаар хөрсөндөө хэт их халсанаас ургамлын ургалтанд таагүй нөлөө үзүүлж, төлөөлөх болон нийт ургамлын ургалт удаашралтай үзүүрээсээ шарлах, хатах, гол иш сугарах зэрэг гэмтэлтэй байна. Нийт нутгаар агаарын харцангуй чийгийн дундаж 23-54%-ийн чийгтэй хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна. Иймээс нийт ард иргэдийг гал түймрийн аюулаас болгоомжтой байхыг зөвлөж байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад сааль сүү бэлтгэх, мал оторлох, хонь хяргах, малд тарилга туулга хийх ажил үргэлжилж, тус ажлуудыг явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт нийт нутгаар 78.1 мм тунадас орлоо.хамгийн их нь Эрдэнэбүрэн суманд 15.4 мм, Алтай суманд 12.7 мм бороо орсон. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх үзэгдэл ажиглагдаж байсан.
- Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 7-9өдөр ажиглагдсан.
- Салхины их хурд нийт нутгаар секундэд 6-20 метр хүрч шуурсан.
- Бэлчээрийн ургамал нийт нутгаар 3-8 см өндөр ургасан байна
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2024 оны 7 дугаар сарын 12-нд