Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 6-р сарын цаг агаарын тойм мэдээ
2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур (Air temperature): Ховд аймгийн 6-р сарын агаарын дундаж температур 20 градус дулаан байсан ба энэ нь олон жилийн дунджаас 2 градусаар дулаан байлаа. Тухайлбал: Их нууруудын хотгорын болон алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 18.6-22.3 градус, өндөр уулын бүсийн сумдаар 14.3-18.4 градус дулаан байсан байна. Агаарын үнэмлэхүй их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 31-36 градус, өндөр уулын сумдаар 25-32 градус дулаан байсан бол агаарын үнэмлэхүй бага температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө 6-10 градус дулаан , өндөр уулын сумдаар 1-7 грудас дулаан байжээ. Нийт нутгаар агаарт +30 градусыг давж 1-14 өдөр хэт халалт ажиглагдлаа.
Хэт халсан өдөр Зэрэг суманд хамгийн олон буюу 14 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний температур (Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 21-32 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 57-65 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 3 грудас хүйтнээс 8 градус дулаан байсан. Хөрсөн дээр +40 градусыг давж халсан өдөр нийт нутгаар 19-30 өдөр ажиглагдсан. Үенч, Зэрэг, Алтай, Дарви сумдад хөрсөндөө 64-65 градус хүрч хэт халжээ.
Хур тунадас (Precipitаtion): Энэ сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим буюу 324.3 мм тунадас орлоо. Сарын хугацаанд хамгийн их тунадас Чандмань суманд /44.9 мм/ орсон бол хамгийн бага тунадас Булган /1.5 мм/ суманд оржээ.
Салхи (Wind): Энэ сард нийт нутгаар салхи шуурга ихтэй, салхины хамгийн их хурд Зэрэг суманд 23 м/с хүрсэн бол Мөст, Дуут сумдад 20-22м/с, бусад сумдын нутгаар салхины хурд секундэд 10-18 метр хүрч зөөлөн явган болон хүчтэй шороон шуурга шуурчээ. Мянгад суманд салхины их хурд 10 м/с хүрээгүй.
Ургамал (Plant): Ихэнх сумдын нутгаар салхи шуурга ихтэй, хөрсний чийг бага, агаар хөрсөндөө хэт халалттай зэргээс шалтгаалан бэлчээрийн ургамлын ургалтанд таагүй нөлөөлж, сонгинолог ургамалууд шарлах хатах, үет ургамал үзүүрээсээ хүрэнтэж шарлах хатах зэрэг гэмтэл ажиглагдсан байна. Ургамлын дундаж өндөр 2-7 см. Дарви, Эрдэнэбүрэн, Дөргөн, Дуут, Ховд, Алтай, Үенч сумдын нутгаар ургамлын ургалт хэвийн сайн, бусад сумдын нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна. Зуншлагын байдал нийт нутгийн 40 гаруй хувьд нь ”хэвийн” үлдсэн 60 хувьд нь “дунд” гэсэн үнэлгээтэй байна. Нийт сумдын нутгаар ургац нь 0.0-0.5 ц/га, Дуут, Чандмань сумдад ургамлын өндөр бага /2см/ байна. Агаарын харьцангуй чийгийн дундаж 32-50%-ийн чийгтэй хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна. Иймээс нийт ард иргэдийг гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад хөөвөр хялгас авах, мал ногоолуулах, хөнгөлөх, мал оторлох, сааль сүү бэлтгэх, хонь хяргах ажил үргэлжилж байгаа. Тус ажил явуулахад цаг агаарын байдал таатай нөлөө үзүүлсэн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
Салхины их хурд нийт нутгаар секундэд 8-26 метр хүрч шуурсан. Бэлчээрийн ургамал нийт нутгаар 2-7 см өндөр ургасан байна. Нийт нутгаар 324.3 мм тунадас орсон. Энэ сард хур тунадас олон жилийн дунджийн орчим орсон хэдий ч агаарын температур олон жилийн дунджаас 2 градусаар дулаан байж сарын сүүлээр аагим халуун өдрүүд үргэлжилсэнээс бэлчээрийн ургамлын ургалтанд таатай бус нөлөөллийг үзүүлж зарим сумдын нутгаар ургамал шарлаж гэмтэл ажиглагдах, улмаар Булган суманд хөмүүл хуурай халуун салхины улмаас хатаж алга болсон байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа 2024 оны 7 дугаар сарын 02-нд