Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 6-р сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 21.4-26.3 градус, Өндөр уулын сумдын нутгаар 16.8-21.5 градус дулаан байсан нь олон жилийн дунджаас 6 градусаар дулаан байлаа. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 31-35 градус, Өндөр уулын сумдаар 28-32 градус дулаан, агаарын хамгийн бага температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө 8-15 градус дулаан , Өндөр уулын сумдаар 4-9 градус дулаан байжээ. Энэ 10 хоногт нийт нутгаар агаартаа хэт халж, өндөр уулын бүсийн сумдаас бусад нутгаар +30 градусыг давж халсан өдөр 1-9 өдөр ажиглагджээ. Зэрэг, Булган, Үенч сумдад +30 градусыг давж халсан өдөр хамгийн их буюу тус тус 9 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 25-38 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 57-65 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 1-13 градус дулаан байлаа. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 9-10 өдөр ажиглагдсан. Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт Мянгад сумаас бусад сумдад 0.3-10 мм, нийт 59.6 мм тунадас орлоо. Хамгийн их тунадас Дуут суманд 13.4 мм, Жаргалант, Мөнххайрхан сумдад тус тус 10 мм орсон бол Дарви, Чандмань, Булган сумдад хамгийн бага 0.3-0.5 мм тунадас оржээ
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт ихэнх нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины их хурд Мөст суманд 22м/с, Мөст суманд 21 м/с, Ховд суманд 20 м/с, Цэцэг, Манхан, Мөнххайрхан, Жаргалант сумдад 16-18 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан бол Дөргөн, Чандмань, Дарви, Алтай сумдад 12-14 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурсан бол бусад сумдын нутгаар 6-8 м/с салхитай байлаа.
Ургамал(Plant):Нийт сумдын нутгаар ургамлын дундаж өндөр 2-7 см, Ургамлын ургалтын байдал Дарви, Эрдэнэбүрэн, Дөргөн, Дуут, Ховд, Үенч, Алтай сумуудын нутгаар сайн буюу хэвийн, бусад нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна. 6 сар гараад Хур тунадас бага орсон, халуун хуурай салхи чийг бага, хөрсөн дээр 40 градусаас дээш олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, таана, хөмүүл болон ихэнх ургамал хатах шарлах зэрэг гэмтэл ажиглагдаж ургамлын ургалт удаашралтай, Булган суманд хөмүүл хатаж алга болсон байна. Нийт нутгаар агаарын харцангуй чийгийн дундаж 22-50 %-ийн чийгтэй хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна. Иймээс нийт ард иргэдийг гал түймрийн аюулаас болгоомжтой байхыг зөвлөж байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад хөөвөр хялгас авах, мал хөнгөлөх, мал оторлох, сааль сүү бэлтгэх, хонь хяргах ажил үргэлжилж байгаа Тус ажил явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт Мянгад суманд бороо ороогүй. Бусад сумдын нутгаар нийт 59,6 мм тунадас орлоо.
- Агаарт +30 аас дээш халсан өдрийн тоо уулын бүсийн сумдаас бусад сумдын нутгаар 1-9 өдөр ажиглагдсан. Хамгийн олон Зэрэг, Алтай, Булган сумдад 9 өдөр ажиглагдсан байна.
- Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 9-10 өдөр ажиглагдсан.
- Салхины их хурд нийт нутгаар секундэд 6-22 метр хүрч шуурсан.
- Бэлчээрийн ургамал нийт нутгаар 2-7 см өндөр ургасан байна
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2024 оны 7 дугаар сарын 2-нд