Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Ховд аймгийн 2021 оны өвлийн цасны явуул судалгааны тойм


Ховд аймгийн 2021 оны өвлийн цасны явуул судалгааны тойм
Ховд аймгийн нийт сум, багийн түвшинд 2021 оны 1 дүгээр сарын 23-31-ний өдрүүдэд өвлийн цасны явуул судалгааны ажиглалтыг 84 зогсоол цэгт хийсэн дүнгээс үзвэл нийт нутгийн 40 орчим хувьд цасгүй 60 орчим хувьд цасан бүрхүүлтэй байна.
Цасны зузааныг сумдаар авч үзвэл: Жаргалант, Мянгад, Дөргөн, Ховд, Мөст, Дөргөн сумдын нутгаар цасгүй, Алтай сумын багуудын нутгаар 2-7см, Булган 3-8см , Үенч 3-6 см, Дуут 1-5см, Манхан 1-3см, Зэрэг 0-2см,Чандмань 1-4 см,Цэцэг, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн, Дарви сумын зарим багийн нутгаар 1-4 см цастай. Мөнххайрхан, Үенч, Булган,Чандмань,Дарви, Дуут сумдын нутгаар гуу жалгандаа цас хунгарлаж хөрлөсөн, хунгарласан газраа хунгарын зузаан 4-30 см хүрсэн болон цасгүй байгаа сумуудын бэлчээрийн ургамлын өндөр 1-12 см байна.
Цасны зузаан ихтэй байгаа сумдын цасны нягтыг авч үзвэл: Хамгийн их цастай Алтай сумын цасны нягт 0.11-0.12 г/см3, Чандмань 0.06-0.09 г/см3, Булган 0.06-0.10 г/см3, Үенч 0.07- 0.10 г/см3, Дуут сумын Хөх бэлчир багийн цас хатуурч нягтарсан нягт нь 0.14 г/см3 байна. Бусад сумын нутагт цасны нягт хэмжигдээгүй.
Нийт сумдын нутгийн өвөлжилтийн байдал:
Нийт сумдын нутгаар өвөлжилтийн байдал хэвийн явагдаж байна. Малын тарга хүч сайн, бэлчээрийн хүрэлцээ нөөц хэвийн. Малын усан хангамжийн хувьд цас болон голын харз,булаг шанднаас ундаалж байна.Ховд суманд цасгүй тул мал холоос тууж усалж байна. Дөргөн,Эрдэнэбүрэн, Дарви, Чандмань,Алтай,Үенч, Булган сумдад зун ургамал сайн ургасан тул бэлчээрийн нөөцтэй мал бэлчээрлэлт хүндрэхгүй байх боломжтой байна. Цэцэг, Мөст сумын зарим багийн малчид зэргэлдээ сумын нутагт өвөлжиж байна. Учир нь зун ургамал муу ургасан намар айлууд намаржиж бэлчээр идэгдсэнээс мал бэлчээх боломж муудсан. Мөн зэргэлдээ сум багаас зарим малтай айл өрх ирж өвөлжиж байгаа тохиолдол байна. Жишээлбэл Дарви сумын нутагт Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим багийн малчид өвөлжиж байна. Нийт сумдын нутгаар өвөлжилт хүндрээгүй, малын хоргдол гараагүй байна. Ихэнх сумдад муудсан төлөг,шүдлэн, борлонд нэмэлт тэжээл өгч эхэлсэн. Малчид байгалийн хадлан тэжээл, хужир шүү боломжийн хэмжээгээр нөөцөлсөн гэж судалгаанд тусгагдсан байна.
Цаашид: Цас орж, цаг агаар хүйтэрвэл зарим сумдад хаваржилт хүндрэх, бог мал жилбэ муутай төллөх эрсдэлтэй байгаа тул өвс тэжээлийн нөөцөө сайжруулах ажлыг аймаг, сумдын удирдлагууд анхааралдаа авч ажиллахыг зөвлөж байна.
Тойм бичсэн ХААЦУ-н ахлах техникч Ж.Жаргалзаяа 2021.02.09