Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 21.1-25.8 градус, өндөр уулын сумдын нутгаар 15.8-20.7 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 33-37 градус, өндөр уулын сумдаар 27-33 градус дулаан, Агаарын хамгийн бага температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө 9-14 градус дулаан, Өндөр уулын сумдаар 3-9 грудас дулаан байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 1-8 өдөр ажиглагдсан. Зэрэг, Үенч, Булган сумдад 8 өдөр, Эрдэнэбүрэн, Манхан, Дөргөн, Алтай сумдад 6-7 бусад сумдад 1-5 өдөр ажиглагдсан бол Мөнххайрхан, Дуут сумдын нутгаар +30 градусаас дээш гарч халаагүй байна.
Хөрсний температур(Soil temperature): Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар хөрсний дундаж температур 27-36 градус, өндөр уулын сумдаар 22-28 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 54-65 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 1 градус хүйтнээс 13 градус дулаан байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 6-10 өдөр ажиглагдсан. Нийт нутгийн 60 гаруй хувьд хөрсөн дээр 60-65 градус, 40 орчим хувьд 54-59 градусаас дээш гарч халсан байна. Ихэнх нутгаар 8-10 хоног ажиглагдсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногийн эхээр нийт нутгийн 80 гаруй хувьд нь 213.0 мм усархаг аадар бороо орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Дарвид 45.6 мм, Жаргалантад 43.3мм, Дуутад 33.3мм, Мөнххайрханд 16.7мм, Зэрэг, Мөст сумдын нутгаар 12-13.0мм, бусад сумдын нутгаар 6.2-7.9мм тунадас орсон бол Алтайн өвөр говийн Алтайд 0.1мм, Үенч, Булган сумдад тунадас ороогүй.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногийн ихэнх хугацаанд салхи шуурга багатай байсан. Түр зуурын аадар борооны өмнө салхины хүч ширүүсэх үзэгдэл ажиглагдаж байсан. Салхины их хурд секундэд Манхан, Жаргалант, Зэрэгт 20-21 метр, Мөст, Ховд сумдаар 18-19 метр, Чандмань, Дарви, Цэцэг, Булган сумдад 16 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад сумдын нутгаар секундэд 8-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.
Ургамал(Plant):Нийт сумдын нутгаар ургамлын дундаж өндөр 2-12 см ,ургамлын ургалтын байдал нийт нутгийн 56 хувь нь сайн 44 хувь нь дунд гэсэн үнэлгээтэй байна. Жаргалант, Чандмань, Зэрэг, Дарви, Мөнххайрхан, Дуут, Ховд, Үенч, Алтай сумдын нутгаар зуншлага хэвийн, бусад сумдын нутгаар зуншлаг дунд зэрэг болж байна. Хур тунадас бага орсон, халуун хуурай салхи ихтэй, чийг бага, хөрсөн дээр 50 градусаас дээш халуун олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтанд таагүй нөлөөлж, бэлчээрийн ургамлын ургалт зогсонги байдалд орж удааширсан, ургамал үзүүрээсээ шарлаж хатах зэрэг гэмтэлтэй ажиглагдаж байна. Нийт нутгаар агаарын харцангуй чийгийн дундаж 19-53 %-ийн чийгтэй байгаа нь хуурайшил ихтэйг харуулж байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдын МАА-н үйлдвэрлэлд хонь хяргаж ажил зарим суманд дууссан, уулын сумдаар дуусах шатандаа, сааль сүү сааж цагаан идээ боловсруулах ажил, мал оторлох ажлууд үргэлжилж байгаа ба тус ажил явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт нийт нутгаар 213.0 мм тунадас орлоо.
- Борооны өмнө салхи ширүүсэх үзэгдэл ажиглагдсан.
- Нийт нутгаар хөрсний гадрага дээр 50 градусаас дээш гарч халсан.
- Бэлчээрийн ургамал нийт нутгаар 3-12 см өндөр ургасан байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын инженер Ц.Дэлгэр 2023 оны 7 дугаар сарын 21-нд