Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 17.7-21.8 градус, Өндөр уулын сумдын нутгаар 12.9-17.7 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 29-33 градус, Өндөр уулын сумдаар 23-30 градус дулаан, агаарын хамгийн бага температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө 6-12 градус, Өндөр уулын бүсийн сумдаар 1 градус хүйтнээс 7 грудас дулаан байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр Дарви, Зэрэгт 2, Эрдэнэбүрэн, Манхан, Мянгад, Жаргалант, Булган, Алтай, Үенч сумдад тус бүр 1 өдөр ажиглагдсан. Хамгийн дулаан Зэрэгт 33 градус байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 19-30 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 46-60 градус хүрч халсан бол хамгийн бага температур шөнөдөө 4 градус хүйтнээс 12 градус дулаан байсан байна. Дуут суманд шөнөдөө -4 градус хүрч хүйтэрсэн. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 3-10 өдөр ажиглагдсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт зарим сумдын нутгаар 14.4 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Ховдод 3,9 мм, Мөнххайрханд 2.4 мм, Булганд 2.3 мм, Үенчид 2.1 мм, Манханд 1.7 мм, Жаргалант 1.0 мм, Алтайд 0.7 мм, Дуутад 0.3 мм, Эрдэнэбүрэнд 0.0 мм тунадас орсон байна. Бусад сумдын нутгаар тунадас ороогүй
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар 10 хоногийн сүүлээр салхи шуургатай байлаа. Салхины хурд хур тунадас орохын өмнө огцом ширүүсэх тохиолдол гарч байлаа. Мөстөд 33 м/с , Ховд суманд 20 м/с, Мөнххайрхан, Жаргалант, Чандмань,Манхан, Булганд 16-18 м/с хүчтэй шуурсан бол бусад сумдын нутгаар секундэд 10-15 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ. Эрдэнэбүрэн, Алтай суманд 6 м/с салхитай байв.
Ургамал(Plant): Энэ арав хоногт нийт нутгаар хур бороо орсон боловч бэлчээрийн ургамлын ургалт дунд зэрэг, 10 хоногийн байдлаар ургамлын дундаж өндөр 2-12 см. Нийт нутгаар зуншлагын болон ургамлын ургалтын байдал нийт нутгийн 40 орчим хувь нь сайн, 60 орчим хувь нь дунд гэсэн үнэлгээтэй байна. Жаргалант, Зэрэг, Мянгад, Мөнххайрхан, Дуут, Ховд, Цэцэг сумдад сайн, бусад нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна. Нийт нутгаар зуны саруудад хур тунадас бага орсон, чийг бага, хөрсөн дэрээ +40 градусаас дээш гарч халсан халалт олон хоног үргэлжилснээс бэлчээрийн ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, таана, хөмүүл мэтийн шүүслэг ургамлын газрын дээрх хэсэг хатаж алга болох, бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай, үе шат явагдахгүй хэт хаталтын байдалтай болсон.
Нийт нутгаар агаарын харцангуй чийгийн дундаж 26-42%-ийн чийгтэй хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад сүү цагаан идээ боловсруулах, мал оторлох ажил, хадлан хадах бэлтгэх зэрэг ажил явагдаж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд эрт ургацын хүнсний ногоо хураан авч борлуулах, зэрлэг түүх зэрэг ажлууд үргэлжлэн явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт зарим сумдын нутгаар 14.4 мм бороо орсон. Хамгийн их бороо Ховд суманд 3.9 мм бороо орсон.
- Хөрсний гадрага дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт сумдад 3-10 өдөр ажиглагдсан.
- Салхины хамгийн их хурд хур тунадас орохын өмнө ширүүсэж Мөстөд 33 м/с хүрсэн.
- Бэлчээрийн ургамал ургалтын байдал хэт хаталтын байдалтай ургамлын гэмтэл бүрэн арилаагүй зогсонги байдалтай байна.
- Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2023 оны 8 дугаар сарын 21-нд