Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 18.8-23.5 градус, Өндөр уулын сумдын нутгаар 13.4-17.8 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 24-34 градус, өндөр уулын сумдаар 24-28 градус дулаан, Агаарын хамгийн бага температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө 8-15 градус дулаан, өндөр уулын сумдаар 2 градус хүйтнээс 7 градус дулаан байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 1-8 өдөр ажиглагдсан. Хамгийн олон өдөр Булганд 8, Үенчид 5 өдөр, Дөргөн, Мянгад, Манханд тус бүр 3 өдөр ажиглагдсан.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 21-28 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 52-60 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 2-10 грудас дулаан байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 9-11 өдөр ажиглагдсан. Хамгийн их нь Цэцэг, Булган суманд +60 градус хүрч халлаа.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт нутгаар 65.3 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл:Цэцэгт 10.8 мм, Мөстөд 10.4мм, Чандмань 7.6 мм, Дарвид 7.0 мм, Мянгадад 6.0 мм, Дуутад 5.8 мм, Манханд 5.4 мм, Зэрэгт 4.4 мм тунадас, бусад сумдын нутгаар 0.0-2.9 мм тунадас орсон ба Дөргөн сумын нутгаар хур тунадас ороогүй
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар салхи шуургатай байлаа. Салхины их хурд Мөстөд 22 м/с ,Ховд суманд 21 м/с, Чандманьд 19 м/с, Манхан, Зэрэг, Эрдэнэбүрэнд 18 м/с, Жаргалант, Мөнххайрхан ,Цэцэг сумдад 15-16 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан ба бусад сумдын нутгаар секундэд 8-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.
Ургамал(Plant):Нийт сумдын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал болох хялгана, хазаар, ерхөг, агь, шарилж цухуйлт жигдэрсэн, хялгана,ерхөг залаалалтын үе шатандаа явж байна. Ургамлын дундаж өндөр 2-6 см, ургамлын ургалтын байдал Зэрэг, Манхан, Мөнххайрхан, Мөст, Дуут, Алтай, Булган сумдын нутгаар сайн, Жаргалант,Чандмань, Мянгад сумдын нутгаар муу, бусад сумдын нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна. Халуун хуурай салхи, чийг бага мөн хөрсөн дээр 40 градусаас дээш халах олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, ургамлын ургалт удааширалтай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад мал ногоолуулах, хөөвөр хялгас авах, сүү сааль бэлдэх, хямаа самнах, бод төллөх ажил үргэлжилж байна. Хүчтэй салхи шуургатай байлаа. Нийт нутгаар ургамлын ургалт дунд зэрэг байна. Мянгад суманд мал ногоонд сайн цадаагүй зүй бусын хорогдлоор 1017 толгой мал хорогдсон мэдээ ирүүлжээ.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт нийт нутгийг хамарч 65.3 мм хур тунадас орлоо.
- Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 9-11 өдөр ажиглагдсан.
- Салхины их хурд нийт нутгаар секундэд 14-21 метр хүрч шуурсан. Борооны өмнө салхи ширүүсэх үзэгдэл ажиглагдаж байлаа.
- Бэлчээрийн ургамал нийт нутгаар цухуйлтын үе шат жигдэрсэн боловч ургамлын ургалт удаашралтай байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2022 оны 6 дугаар сарын 2-нд