Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ЗУНШЛАГЫН ТОЙМ МЭДЭЭ


Ургамал(Plant): Аймгийн нийт нутгийн ургамлын ургалтын байдлыг өнгөрсөн хугацааны цаг агаарын нөхцлийн тойм мэдээтэй уялдуулан гаргаж, ард иргэдэд үйлчилж ажилладаг.
Манай аймгийн нийт нутгаар энэ хавар ургамал оройтож цухуйсан ба цас ихтэй байсан Алтайн өвөр говийн сумдын нутгаар 5 сарын эхний 10 хоног, Их нууруудын хотгорын болон Өндөр уулын бүс нутгаар 5 сарын 2-р 10 хоногоос ургамал цухуйж эхэлсэн. 5 сард нийт нутгаар ахиу хэмжээний цас орсон нь хөрсөнд хангалттай хэмжээний чийг өгч ургамал ургах нөхцөл бүрдсэн. Гэвч 6,7 дугаар сард хэт халалт олон хоног үргэлжилж нийт нутгаар агаарт +30 градус 1-20 хоног, хөрсөндөө +40 градусаас дээш 22-30 хоног үргэлжилж, ихэнхдээ хөрсөн дээр өдөртөө 50-64 градус хүрч халсан, халуун хуурай салхи шуурга ихтэй байсан зэргээс ургамалын ургалт удааширч таана, хөмүүл мэтийн шүүслэг ургамалд хэт хаталт явагдаж газрын дээрх хэсэг нь унаж алга болох, үетэн ургамлууд гэмтэж шарласан байдалтай болж ургамлын бүтээмж буурсан. Зуны эхэн саруудад Их нууруудын болон Өндөр уулын бүсийн сумдад харьцангуй хур тунадас гайгүй орсон хөрсний чийг сайн байсан нь ургамлын ургалтанд сайнаар нөлөөлж Жаргалант, Чандмань, Зэрэг, Дарви, Мянгад, Мөнххайрхан, Дуут, Ховд, Цэцэг сумдад зуншлага хэвийн сайн байлаа. Алтайн өвөр говийн сумдын нутгаар 6,7 сард хур тунадас бага орсноор бэлчээрийн ургамал хатаж зуншлагын байдал муудах гол шалтгаан болсон байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдлыг зуны саруудаар авч үзвэл 6 дугаар сард нийт нутгийн 50 орчим хувь нь сайн, 50 гаруй хувьд дунд, 7 дугаар сарын байдлаар нийт нутгийн 60 хувь нь сайн, 40 гаруй хувь нь дунд гэсэн үнэлгээтэй сайжирсан бол 8 дугаар сарын 20 ны байдлаар нийт нутгийн 40 орчим хувь нь сайн 60 гаруй хувь нь дунд гэсэн үнэлгээтэй болж буурсан. 8 сарын 31 ны байдлаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2-12 см, ургамлын ургац нь 0.0-0.6 ц/га-тай байлаа. Түүвэр судалгаанаас харахад ургамал дахин сэргэх боломж муу байгаа нь харагдаж байна.
Зураг. 2023 оны Бэлчээрийн ургамлын ургалтын байдал (баллаар)
Хур тунадас(Precipitаtion: Хур тунадасны хувьд 5 дугаар сард нийт нутгаар 562.7 мм 6 дугаар сард 34.1 мм, 7 дугаар сард 346.3 мм хур тунадас, 8 дугаар сарын 31 ны байдлаар 170.5 мм хур тунадас орсон. Зуны эхэн болох 6 сард ихэнх нутгаар хур тунадас бага орсноор нийт нутгаар гандуу болж ургамлын ургалт дахин сэргэх боломж нөхцөл бүрдээгүй . Зуны саруудын хувьд авч үзвэл 7 дугаар сарын дунд 10 хоногт нийт нутгийг хамарч 213.0 мм тунадас орсон нь хамгийн их нь байв. Хамгийн бага нь 6 дугаар сарын сүүлийн 10 хоногт нийтдээ 2.0 мм тунадас орсон байна. Мөн сумдаар авч үзвэл зуны саруудад хамгийн их тунадас Дарви суманд 65.4 мм орсон бол хамгийн бага нь Алтайн өвөр говийн сумдад 7-8 мм тунадас орсон байна. Зураг. 5,6,7,8 дугаар саруудад орсон тунадасны нийлбэр (мм-ээр
Энэ жилийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 8 дугаар сарын 20 ны байдлаар аймгийн нийт нутгийн 20 гаруй хувьд зуншлага хэвийн сайн, 80 орчим хувьд зуншлага дунд зэргийн буюу гандуу гэсэн үнэлгээтэй байсан.
Зөвлөмж: 2023 оны бэлчээрийн даацын мэдээгээр ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын бүтээмж гүйцээгүй, тачир сийрэг, нэгжийн ургац муу, нийт сумдын малын тоо хэт их байгаа нь бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарах гол шалтгаан болсон.
Аймгийн нийт нутгийн бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
14% нь 0-50,0 хувь (бэлчээрийн нөөцтэй)
13% нь 50,1-100,0 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
39% нь 100,1-300,0 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
7% нь 300,1-500,0 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
27% нь 500,1 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байдалтай гарсан. Бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан Эрдэнэбүрэн, Мянгад, Буянт сумдын хил залгаа аймаг сумдын даац мөн адил олон дахин хэтэрлэлтэй гарсан нь отор нүүдэл хийх боломжгүй тул хадлан тэжээл сайн нөөцлөх, малын тоог бууруулах, Дөргөн сумын малчид Завхан аймгийн төвийн сумдруу отороор орох боломж харагдаж байгаа, Мөст сумын малчид Алтай, Үенч сумдад отор нүүдлээр орох боломжтой ба эртнээс малаа зарж борлуулан эдийн засгийн эргэлтэнд оруулж, өвс тэжээл худалдан авах, татан байршуулах ажлыг зохион байгуулж ажиллах шаардлагтай байна.
Ийнхүү бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн сумдын өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрхээр байгаа тул тус сумдын удирдлагууд орон нутгийн зүгээс зөв зохион байгуулалт хийж хадлан тэжээл бэлтгэх, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, малын тоо толгойг бууруулах, хил залгаа бэлчээрийн нөөцтэй нутагруу отор нүүдэл хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж, эртнээс зудын эрсдэлийг тооцож ажиллахыг зөвлөж байна.
ХОВД УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН САЛБАР
2023.09.12