Мэдээлэл > Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

Мөнххайрхан сумын 2010-2015 оны цаг уурын зарим элементийн судалгаа

Шинэчлэгдсэн: 2024-04-25 01:34:02

1.Агаарын температур

Агаарын температур нь уур амьсгалын үндсэн шинжийг илтгэгч гол үзүүлэлт болдог. Ховд аймгийн нутаг хотгор, гүдгэрийн ялгаа ихтэй учраас өвөл, зуны температурын хэлбэлзэл ихтэй.

 Жилийн хамгийн хүйтэн сар 1-р сар  байх бөгөөд олон жилийн дундаж температур Мөнххайрхан сумын нутгаар -17.2 градусаас -19.2 градус хүрч хүйтэрдэг байна. Жилийн хамгийн дулаан сар 7-р сар бөгөөд бөгөөд олон жилийн дундаж температур Мөнххайрхан сумын нутгаар 13.0 градус хүрч дулаардаг.

Зуны улиралд агаарын температур нутаг өндөрших тутам сэрүүсдэг. Тухайлбал далайн төвшнөөс 1405 метрийн өндөрт орших Ховдын хотын 7-р сарын агаарын дундаж температурыг 2270 метр өндөрт орших Мөнххайрхан сумын мөн үеийн дундаж температуртай харьцуулахад 5.7 градусын зөрөөтэй байгаа нь агаарын температур өндрөөсөө 100 метр тутамд 0.8 градусаар буурах зүй тогтолцоотой тохирч  байна.

Мөнххайрхан сумын 2010-2015 оны агаарын дундаж температур /сараар/

Агаарын дундаж температурын  явцын графикаас харахад :  2010-2015 оны агаарын дундаж температур нь 0.6 градус байсан бөгөөд олон жилийн дундаж температуртай харьцуулахад  1.4 градусаар дулаарчээ. 2011 оны 01-сард агаарын  дундаж температур -23.6 градус хүрч дундаж хамгийн их хүйтэн, 2015 оны 07-сард агаарын  дундаж температур 17.0 градус хүрч дундаж хамгийн их дулаан ажиглагдсан байна.

2. Хур тунадас

Уур амьсгал дулаарч байгаа өнөөгийн нөхцөлд тухайн нутгийн уур амьсгалыг илэрхийлэгч гол хүчин зүйлийн нэг бол хур тунадас юм. Ховд аймгийн нутаг нь эрс тэрс хуурай уур амьсгалтай бүсэд багтана. Энэ нь далай тэнгисээс алслагдсан, унах хур тунадас жилийн аль ч улиралд бага байдагтай  холбоотой. Жилд орох хур тунадасны 70-80 хувь нь дулааны улиралд унадаг. Ховд аймгийн  Дарви, Дуут, Мөст, Ховд хот орчмоор жилд 105-147мм бусад сумын нутгаар 100 мм-ээс бага хур тунадас ордог байна.

Мөнххайрхан сумын 2010-2015 оны хур тунадасны нийлбэр /сараар/

2010-2015 онуудад нийлбэр хур тунадас 703.3мм унасан.  Нийт хур тунадасны ихэнх хувь нь 6,7,8 –р саруудад оржээ. 2012,2013,2015 онуудад 104.5-211.8мм хур тунадас унасан бөгөөд жилд ордог 100мм хур тунадаснаас 4.5-111.8 мм-ээр давсан байна. 2015 оны 06-р сард хамгийн их буюу 135.8мм хур тунадас орсон. Сүүлийн жилүүдэд богино хугацаанд усархаг аадар хур тунадас ажиглагдах нь ихсэх хандлагатай байна.

3.Салхи, шуурга

Шороон шуурга олонтаа тохиолдох нь мал бэлчээрлэлт саатах, хот суурин, зам харгуй элсэн дарагдах зэргээр ард түмний аж амьдрал , аж ахуйн салбарын үйл ажиллагаанд ихээхэн сөрөг үр дагавар үзүүлдэг бөгөөд байгалийн гамшгийн хэмжээнд хүрч хөрс эдэгдэх, элсний нүүлт явагдах нэг шалтгаан болж байна.

Ховд аймгийн нутагт жилийн салхины дундаж хурд 1.2-2.7м/с байдаг бөгөөд Мөнххайрхан сумын 2010-2015 оны салхины дундаж хурд 2.6м/с хүрч  олон жилийн дундажын орчимд байсан байна. Салхины хамгийн их хурд нь 2010 оны 03-р сард 28м/с хүрчээ. 2010 оны 05-р сар, 2012 оны 04-р сар, 2015 оны 09, 11,12-р саруудад 20-23м/с хүрч хүчтэй салхи болон шороон шуурга ажиглагдсан байна.

Судалгаа хийсэн.

Уур амьсгалын үйлчилгээ хариуцсан технологич инженер Ж.Ганбаяр

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2015 оны 6 дугаар сарын 29-30-нд тохиосон Бодончын хавцалын их үерийн тооцоо, сургамж 2018-10-23 1970-01-01 871
Эрдэм шинжилгээ, судалгааны ажил 2 2016-11-08 1970-01-01 898